Эмэгтэйчүүдийн бүрэн дүүрэн, эрх тэгш оролцоог хангах нь зөвхөн хүний эрхийн асуудал төдийгүй өргөн утгаараа тогтвортой хөгжил, ардчиллын үндэс суурь болдог. Улс орны түүх, соёлын онцлог, нийгэм-эдийн засгийн хөгжил, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан байдлын ялгаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр нийгмийн амьдралын олон салбарт, тэр дундаа улс төрийн тавцанд жендэрийн тэгш байдал хангагдахгүй байгаа нь статистик баримтаас харагддаг байна. Энэ байдал нь тэгш, хүртээмжтэй хөгжилд хүрэх гол саад бэрхшээлийн нэг болж байгаа тул НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-д жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн зорилтуудыг тусгасан билээ. 

Өнөөдөр, эмэгтэйчүүд улс төрийн хувьд хамгийн өрсөлдөөнтэй орчинд хүртэл нам харгалзахгүйгээр парламентын эмэгтэйчүүдийн бүлгүүдээр дамжуулан ажиллаж, жендэрт суурилсан хүчирхийлэл, хүүхэд асрах асуудал, хүүхдийн халамж, жендэрийн тэгш байдлын төлөөх хууль тогтоомж, сонгуулийн тогтолцооны реформ зэрэг асуудалд манлайлах замаар улс төрийн манлайллыг  үзүүлж байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлоход оршино.

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс