Эмэгтэйчүүдийн бүрэн дүүрэн, эрх тэгш оролцоог хангах нь зөвхөн хүний эрхийн асуудал төдийгүй өргөн утгаараа тогтвортой хөгжил, ардчиллын үндэс суурь болдог. Улс орны түүх, соёлын онцлог, нийгэм-эдийн засгийн хөгжил, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан байдлын ялгаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр нийгмийн амьдралын олон салбарт, тэр дундаа улс төрийн тавцанд жендэрийн тэгш байдал хангагдахгүй байгаа нь статистик баримтаас харагддаг байна. Энэ байдал нь тэгш, хүртээмжтэй хөгжилд хүрэх гол саад бэрхшээлийн нэг болж байгаа тул НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-д жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн зорилтуудыг тусгасан билээ.