Хураангуй
Манай улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар байгаа бөгөөд үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлж байна. Энэхүү судалгаагаар гэр бүлийн гишүүдийг асран халамжлах ажил нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд хэрхэн нөлөө үзүүлдгийг тодорхойлохыг зорин хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн судалгааны ажлуудад ихэвчлэн ашигладаг пробит загвараар үнэлгээгээ хийлээ.
“Цаг ашиглалтын судалгаа”-ны мэдээллийг тоон өгөгдөлөө болгон ашигласан бөгөөд энэхүү судалгаа нь өдрийн тэмдэглэлийн аргаар мэдээллээ цуглуулдаг ба манай улсад 2007 оноос хойш хийгдэж байна. Одоогийн байдлаар 2011, 2015, 2019 он гэсэн дөрвөн удаагийн мэдээллийг цуглуулсан байгаа бөгөөд өөрийн ажилдаа 2019 оны тоон өгөгдлийг ашигласан. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг үнэлэх гэж байгаа тул нийт түүврээс насны хязгаар зааж 15-64 насны 4,290 эмэгтэйн мэдээллийг ялган авч загвараа үнэлсэн. Судалгааны үр дүнгээс харвал бакалаврын боловсролтой эмэгтэйчүүдийн хувьд ажиллах хүчинд оролцох магадлал нь түүнээс бага боловсролтой эмэгтэйчүүдтэй харьцуулахад (пробитын ахиу нөлөө) 10.5 хувиар өндөр гэж үнэлэгджээ. Эмэгтэйчүүдийн хүүхэд асрах цаг нэгээр нэмэгдэхэд ажиллах хүчинд оролцох магадлал нь 6.2 хувиар, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүн асрах цаг нэгээр нэмэгдэхэд 7.0 хувиар буурдаг ба энэхүү үнэлгээ нь харгалзан 1% болон 5 %.-ийн түвшинд ач холбогдолтой байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд 0-2 насны хүүхэд бол хөдөлмөр эрхлэх магадлал нь үүнээс дээш насны хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 6.5 хувиар бага байна.