Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь газар зүйн байршил, соёл, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран бүхий л хүрээг хамарсан дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг юм. Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Энэ нь бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим тохиолдолд амь насаа алдахад хүргэдэг байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн цар хүрээ, шалтгаан, үр дагавар, чиг хандлага, онцлогийн талаарх ойлголт улс орнуудад хомс байгаа нь уг асуудлыг шийдэх хүчин чармайлтад саад бэрхшээлийг учруулсаар байна.
Өнөөг хүртэл Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаар мэдээлэл хомс байсан нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, нотолгоог гаргаж авах бодит хэрэгцээ шаардлага байсан юм.
Тоо мэдээ, мэдээлэл хангалтгүй байгаатай холбоотойгоор Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газар жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийг санаачилж, 2016 онд уг төслийг хэрэгжүүлэхээр Щвейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБХАС-гийн техник, санхүүгийн дэмжлэгт үндэслэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгааг зохион байгууллаа. Энэ судалгаа нь Монгол Улсад уг сэдвээр хийсэн тоон болон чанарын анхны томоохон хэмжээний судалгаа юм.